МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЖИЖИГ ҮСГЭЭР БИЧИГДСЭН МАСТЕР

ЖИЖИГ ҮСГЭЭР БИЧИГДСЭН МАСТЕР

(М.Булгаковын “Мастер Маргарита хоёр” романы зарим нэг ээдрээ)

АД ЗЭТГЭРИЙН БИБЛИ ҮҮ?

1928 оны 12 сараас бичиж эхлээд 1940 оны 3 сард амьсгал хураах хүртлээ зохиогч нь ажилласаар байсан “Мастер Маргарита хоёр” роман нь нийт 5 редакцийн нүүр үзэж, энэ бүх хугацаанд М.Булгаков том жижиг үйл явдлаас авахуулаад баатруудын нэр, үг яриа, тэр бүү хэл, ганц үгний сонголтын хэмжээнд хүртэл засвар, өөрчлөлтийг нийт зохиолын хэмжээнд хийсээр ирсэн билээ.

“Албан ёсоор” бол дуусаагүй энэ зохиол М.Булгаковын уран бүтээлийн ноён оргил, Урлаачийн зүрх, сэтгэлийн гүн эмзэглэл, наманчлал болж үлдсэн бөгөөд дэлхийн утга зохиолын суут туурвилын тоонд багтана. Хэдийгээр Францын “Ле Монд” сонин 1999 онд тун нарийн шалгуураар энэ романыг ХХ зууны шилдэг 100 номын тоонд багтаасан ч барууны ертөнцөд, төдийлөн, цойлтол нь үнэлдэггүй. Энэ нь уг романы уран сайхны нэгэн чухал давхрага болох 1930-аад оны зөвлөлтийн нийгмийг зурагласан шийдлүүд, оросын утга соёлын ярвигтай замналд эзлэх байр суурийг нь бүрэн мэдэрч чаддаггүйтэй болон романы туурвилзүй, сэтгэлгээний нэн ээдрээт зангилаануудыг ухаж, тайлах бэрхшээлтэй байдагтай нь холбоотой болов уу. Мөн бичигдсэнээсээ хойш 27 жилийн дараа л бүрэн эхээрээ, түүн дотор, англи хэлээр хэвлэгдсэн нь “хожимдсон” нөлөөлөл үзүүлсэн байж болзошгүй.

Оросын утга зохиолын ертөнцөд бол “Мастер Маргарита хоёр”-ын зүйн ёсны байр суурь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна романыг тайлах, задлах судалгаа, шинжилгээний ажлууд тун ширүүн, бүр, улангассан гэмээр маргаан, мэтгэлцээн дунд өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Үүнд, оросын Үнэн алдартны шашны зарим нөлөө бүхий зүтгэлтэн ба сүсэгтнүүд уг романыг “Ад зэтгэрийг (Сатан) магтан дуулсан” хэмээн зүхэх тохиолдол хүртэл гарсныг жишээлж болох юм. Романыхаа нэрэнд М.Булгаков “Воландын Евангели” гэсэн хувилбарыг зуурхан дэнсэлж байсан нь ийм галд өргөсөн тос мэт.

Энэхүү бяцхан хэсэгт алдарт романы тухай нэгэнт улиг болон түгээмэл зүйлсийг бус сүүлийн үеийн судалгааны явцад гарсан зарим нэг сонирхолтой дүгнэлтүүдийг хүргэхийг хичээлээ. Эдгээрийн зарим нь академик түвшинд хараахан нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй ч итгэл, үнэмшил төрүүлэхүйц, цараа өргөн, нягт баримт нотолгоогоор биежсэн, мэргэжлийн судлаачдын он удаан жилийн эрэл, хайгуулд тулгуурласан шинжлэх ухааны дүгнэлтүүд болохыг тэмдэглэе.

Альфред Барков, Мариетта Чудакова, Лидия Яновская нарын нэр хүндтэй судлаачдын бүтээлээс түүвэрлэсэн энэ тойм гүймэг усан нүдээр үг өгүүлбэр төдийг л уншваас яагаад ч үл ухагдах энэ суут романыг танин барихад тань өчүүхэн нэмэр болог ээ. Л. Яновская гэхэд л романы 5 редакцийг бараг цээжээрээ мэддэг байх жишээтэй.

“МАСТЕР” – ЧИМЭГ ҮҮ, ХОЧ УУ?.. ЭСВЭЛ ДОРОМЖ?

Он удаан жил судлаачдын огт анзаарч, ач холбогдол өгөөгүй, магадгүй, та ч “үгүй нээрээ” гэж дуу алдаж болзошгүй нэг зүйл бол зохиолын амин сүнс болсон, М.Булгаковын өөрийнх “alter ego” гэгдэх гол баатрыг нэрлэхдээ жижиг үсгээр “мастер” гэж бичсэн шийдэл юм. Хоч, бүү хэл, “нэг муу” гөлөгний нэрийг хүртэл томоор бичдэгийг тооцвол энэ үг оноосон нэр биш болох нь ойлгогдоно.

Хэрвээ өнөөгийн бидний “мастер” гэдэг үгтэй хамааруулан төсөөлдөг “их урлаач, гоц уран бүтээлч” гэсэн утгыг романы энэ баатрын нэр агуулсан гэж үзвэл томоор бичихэд буруудах зүйл байхгүйгээр үл барам, илүү зохистой, илүү “эрхэм” байх сан. Хамгийн хоржоонтой нь М.Булгаков романаа ид бичиж байсан 1930-аад оны дунд үеийг хүртэл “мастер” гэдэг нэр томъёо эрхэмсэг, дээд утга агуулдаггүй байжээ. Тэр бүү хэл, бүр ч жигтэй түүхэн баримт ургана.

1933 оны 7 сард зөвлөлтийн нэр хүндтэй “Утга зохиолын сонин”-д цуутай үзэл сурталч А.Луначарский “Мастерын тухай бодол” нийтлэл хэвлүүлжээ. Чухам А.Луначарский тэртээ 1906 онд “пролетарийн реализм” гэх нэр томъёог бодож олоод, 1920-иод онд энэ “онолоо” “нийгмийн буюу шинэ социальный реализм” болгон хөгжүүлээд, эцэст нь 1932 онд “социалист реализм” гэх нэр томъёо төлөвшин тогтсон билээ. Харин А.Луначарский мөнөөх 1933 оны нийтлэлдээ “Улсын удирдагчид бол мастерууд юм. Тэд нийгмийн амьдралын онолчид төдийгүй амьдралыг бүтээгч мастерууд билээ” гэж бичсэн төдийгүй Зөвлөлтийн Зохиолчдын Эвлэлийн Их Хурлаас И.Сталиныг “Та бол амьдралын мастер” гэсэн баярын илгээлт явуулсан байна.

Энэ л цаг үеэс “шинэ амьдралыг магтан дуулах уран зохиолын мастеруудыг бэлтгэх төрийн бодлого”, “уран бүтээл бол үйлдвэрлэл” юм гэсэн ойлголтууд эрчээ авсан бөгөөд социалист төрийн далд бодлого бол “уран бүтээлийн үйл явц бол Ур биш Чадвар дээр тогтох ёстой, чадвартныг өсгөж бойжуулж болно” гэсэн зарчмыг олон нийтэд суулгахад чиглэж байжээ. Ийм л учраас яг тэр цаг үед, жинхэнэ Урлаачийн яруу төлөөлөл болсон О.Мандельштам тэргүүтнийг барьж, хэлмэгдүүлж эхэлсэн байна.

Чухам О.Мандельштам болон түүний хүрээллийнхэнд (үүнд М.Булгаков ч багтана) “Уран бүтээл ба чадварыг ялгаж ойлгох. Уран сайхан ба мастерын чадвар хоёр бол Моцарт, Сальери хоёр шиг харьцаатай. Уран бүтээл бол бодгаль шинжтэй, мастерын чадвар бол давтагддаг. Урлаачийн хувьд бүтээл бол амьдрал нь, мастерын хувьд ажил нь” гэсэн уламжлалт ойлголт баттай баримтлагддаг байсан төдийгүй “уран зохиолыг зүгээр л “үйлдвэрлэдэг” хэн нэгнийг “мастер” гэж нэрийдсэн, “уран бүтээлч мастерын чадвар гаргаад эхлэвэл МӨХӨЛ гэсэн үг” гэж бичсэн баримтууд үлджээ. Хамгийн ноцтой нь, О.Мандельштам цөллөгөнд, ид хавчлаглаганд байсан 1937 онд И.Сталинд зориулсан магтуу хүчээр бичих гэж ихэд шаналан аргаа баран суухдаа “Асеев бол жинхэнэ мастер. Шууд л биччих байсан даа” гэж дуу алдсан гэдэг.

О.Мандельштам анх 1934 оны 5 сард баригдаж, 6 сард И.Сталин түүний талаар Б.Пастернактай утсаар ярихдаа “Тэр чинь мастер биз дээ, мастер?” гэж асууж, намар нь М.Булгаков зохиолдоо “мастер” гэсэн нэрийг анх оруулсан байна.

М.Булгаков мөн И.Сталинд зориулсан “Батум” жүжгээ нэрлэхдээ “Мастер” гэсэн хувилбарыг бодож байсан баримт ч бий.

Энэ бүхнийг тооцвол, галзуугийн эмнэлэгт Бездомный мастераас “Та зохиолч юм уу?” гэж асуухад “Зочин царайгаа барайлган Иван руу нударга зангидаад “Би мастер” гэж хэлээд ширүүн дүртэй болов…” гэсэн хэсгийг цоо шинээр ойлгохоос өөр аргагүй.

Монголд социализмын үед түгсэн, гарвал нь тодорхой, “уран үгийн мастер”, “урлагийн мастеруудын тоглолт” гэх хэллэгүүд Азазелло маягийн адын аясаар эгшиглэж байна уу? СТА гэх хараал мэт цол “Соёлын мастер” гэсэн үг болохыг хэзээ бид ойлгох вэ? “Шинэ амьдралыг магтан дуулагч соцреалист үгийн мастеруудын үйлдвэрлэлийг” эхлүүлж, уран зохиолын “Яам” болж анх үүссэн Зөвлөлтийн Зохиолчдын Эвлэлийн Монгол дахь салбарын буурь мастерууддаа урам зориг хайрласаар л байх уу?..

“Өөрийн дуу хоолойг нухчин, Засагт зулгуйдсан туурвил хийх” нь мастерын гол шинж юм. “Тэгвэл роман дахь мастер чинь М.Булгаков өөрөө биз дээ? Юу гэж ойлгох вэ?” гэсэн ярвигтай асуулт танд төрөх тань зөв. Хариулт тун удахгүй…

СТАЛИН БА БУЛГАКОВ

Роман дахь Воланд, мөн Понтий Пилат бол И.Сталин юм, харин мастер, бүр Иешуа хүртэл М.Булгаков өөрөө юм гэсэн тайллууд бишгүй яригддаг учраас энэ талаар нуршилгүй, иймэрхүү дүгнэлтийг таны таалалд үлдээе.

Харин энэ чиглэлээр гарч байгаа зарим нэг сонирхолтой судалгааг тоймлон сийрүүлж болох юм. Дор хаяад л, “Воланд ба М.Булгаков” гэсэн харьцааг М.Лермонтовын алдарт “Ад сахиус (Демон)” шүлгийн сэтгэлгээтэй дүйцүүлж, Воландад ямар нэг хэмжээгээр зохиолчийн бодгаль төрх шингээстэй байгааг илрүүлсэн байна. Воландын гадна төрх, “бараг шинэхэн” хилэм загасны тухай яриа, унтлагын өрөөн дэхь лааны алтан суурь, шатрын хорхой, Маргаритагийн өвдгөнд нь хийх тосон иллэг зэрэг нь М.Булгаковын амьдралын элдэв мөч, зан таашаалыг нэвт агуулж байдаг билээ. Эрхэмлэж явдаг баатруудыг нь аврах тавилантай Воланд аажим аажмаар зохиолчийн хувь төрхөөр биежинэ.

И.Сталины хувьд ч гэсэн Понтий Пилат бол түүний шууд илэрхийлэл биш харин зохиолчийн догшин сартваахийг мэдэрсэн зөн совингийнх нь тусгал гэсэн нэлээн ээдрээтэй дүгнэлт ч бий. Засаглал гэж юу вэ, удирдагч хүн эрх сүр төгс, харгис хэрцгий байхын мөн чанар юу вэ? Бусдыг энэрэх чадваргүй, буян хийх эр зориггүй байх нь эргээд тэр Эрх сүрийн дорой хийгээд өөрийн толгойгүйг нь нотлох бус уу?.. гэх мэт олон асуулт энд тавигдана.

И. Сталины эрх сүр, харгис хэрцгий зан тэр үед үнэхээр туйлдаа хүрээд байсан юм. Хажуугаар нь түүний золих гэж байгаа хүмүүсээрээ увайгүй наргидаг зан дуу алдмаар. Ажлынх нь өрөөний цонхоор гэр нь харагдах хэн нэгнийг шөнө дөлөөр дуудаж, найрсаг дотно ярилцаж, сэтгэлийг нь саруулсгаад, харьсан даруйд нь баривчлуулж, бүр хөнөөх нь И.Сталины нэгэн гоц таашаал.

Яг л энэ маягаар 1930 онд тэрээр М.Булгаков руу өөрөө залгаж, дотночилон ярилцаад “Нэг сайхан уулзаж ярих сан” гэж хэлээд тасалсан, зохиолчийн “Турбины өдрүүд” жүжиг олныг ид шагшуулж байх үед нь И.Сталин бараг арваад удаа үзсэнийхээ дараа хааж орхисон, 1936 онд 9 удаа тоглогдсон “Гэгээнтнүүдийн талхи (Мольер)”-иас өөр ямар ч жүжиг, дуурийн цомнолууд нь дахиж тавигдаагүй, зохиолоо хэвлэх ямар ч боломжгүй болсон М.Булгаковыг театрт ажилд оруулж гол залгуулсан, өөрийнх нь тухай бичсэн “Батум” жүжгийг уншаад “тавих шаардлагагүй” гэж хорисон гээд… түүнтэй өөрийн гаж зуршлаараа “муур хулгана” болж тоглосоор байсан билээ. М.Булгаков дотроо ихэд хүсч хүлээж байсан ч И.Сталин түүнтэй, явж явж, уулзаагүй юм.

Энэ уулзалтыг аминчлан хүсэх шалтгаан зохиолчид байлаа. Тэрээр өөрийн хамгийн гол, “насны” бүтээлээ ид туурвиж байсан юм. “Мастер Маргарита хоёр” бол түүний амь насны дэнчин, мөрийт тоглоомны, хуучнаар бол “Ва Банк”, одоогийнхоор бол “All-In” байсан билээ. Яагаад?..

Зохиолчийн өдрийн тэмдэглэлд 1937.10.23-ны огноотой “Романаа засаад өргөн барих…” гэсэн бичвэр үлджээ. “Өргөн барих” гэдэг нь тухайн цагт ганцхан л утгатай байсан юм – “И.Сталинд”… Энэ үеийн тухай түүний хань Е.Шиловская “Түүнд романаа гардуулах л юм бол маргаашнаас нь эхлээд бүх юм өөрчлөгдөнө” гэж М.Булгаков хэд хэд хэлснийг дурсч байсан юм. Яг үнэндээ бол романд Зөвлөлт засаг болон улаан хядлагыг шууд тодорхойлж, үнэлсэн зүйлс байхгүй, энэ бүхнийг зохиолч тун нямбай засч боловсруулсан байсан нь хэвлэгдэх боломжтой гэж горьдож байсных нь илрэл.

Эцсийн редакцид гэтэл Воландын дүр И.Сталины бүрэн тусгал болон бод биеэ олжээ. Гар бичмэлийг зохиолчийн уншилтаар сонссон цөөн хүмүүс бүгд гүн цочирдсон гэдэг. Нэг нь бүр Е.Шиловскаяг хонгилд дуудаад “Энийг Өргөн барьж болохгүй!.. Аймшиг нүүрлэнэ…” гэж хэлсэн байна. Сонсогчид “Воланд хэн бэ?” гэсэн асуултанд хариулахаас татгалзаж цаасан дээр бичсэн байна. Тэнд нь “Ад зэтгэр”, “Сатан” гэсэн үгс л байсан юм.

Романы төгсгөлд нэг чухал хэсэг байдаг нь “Таны романыг уншсан” гэсэн үг юм. Үүнийг Воланд мастерт хэлэхдээ “Иешуа уншсан” болохыг илэрхийлсэн хэрэг. Тэгээд мастерыг Пилаттай уулзуулахаар явуулна. “Иешуа уншсан” гэдэг нь нэгэн цагт шашны сургууль төгссөн хэн нэгэн бас уншсан гэсэн үг. Тэр нь И.Сталин! Их удирдагчид зориулсан “Та бол Исус Христос” гэсэн нууц илгээмж зохиолыг дахин нэг айхтар агуулгаар баяжуулах бөгөөд чухам энэ нь сонссон хүмүүсийг балмагдуулжээ.

“Дээд төрөлтөнд” уншуулах мөрөөдлөө уран сайхан, хий бэлгийн нөгөө ертөнцөд биежүүлэхдээ М.Булгаков юунд найдаж байсан юм бол? Үүнийг романы эхэнд байх Гөтегийн “Фауст”-ын ишлэл болох “Би мөнхөд нүглийг хүсээд мөнхөд буяныг үйлдэгч хүчний хэсэг” гэсэн үгнээс хайж ч болно, хайхгүй байсан ч болно…

“Пилат яг л Эдип шиг гэмт хэрэг үйлдэх тавилантай. Тиймээс түүнийг мастер өрөвдөж байгаа юм. Тиймээс л түүнийг нигүүлсэхийг Маргарита хүснэ. Пилат хийсэн гэмээрээ Воландын “хэлтэст” хамаарах учиртай. Воландын харгис шударга ёс ноёрхсон сарны ертөнц. Ийм л учраас, эцсийн эцэст, өөрөөс нь урван, өөрийг нь зольсон Пилатыг өршөөхийг чухам Тэр хүн бас Воландаас хүснэ.” (Л.Яновская)

МОРФИЙ?

“Мастер Маргарита хоёр”-ыг М.Булгаков хар тамхины нөлөөн дор бичсэн гэдэг туйлын буруу ойлголт нийгэмд түгжээ.

М.Булгаков 1918 онд морфийн хэрэглээнээс бүрэн ангижирсан нь баталгаатай баримт. Бүх судлаачид үүнийг онцолдог. Тэгээд ч ийм хэмжээний бүтээлийг тэгээд л туурвичихдаг бол хэдүүлээ хар тамхи шахаад бүгд нэг нэг Нобель ш… хусая! Энэ нь нэг нэг уул хусахаас хавьгүй амар байх болов уу.

ЭЦЭСТ НЬ

Эцэст нь, энэ ер бусын романы аль ч баатар нэр холбогддог түүхэн бодит хүмүүсийнхээ хэнтэй нь ч хамаатай байж болзошгүйг та бид харлаа. Энэ нь бас М.Булгаковын суу билгийн нэг илрэл нь юм.

Тэгээд М.Булгаков жижиг үсгээр бичигдэх мастер уу? Үгүй ээ, тэрээр жижиг үсгээр бичигдэх оролдлого хийсэн ч бүтээгүй юм. Тэрээр Урлаач хэмээх том үсгээр бичигдэх нөгөө л мөн чанараа гээж зүрхлээгүйг түүний бүтээл гэрчлэнэ.

М.Булгаков редакцаа дуусгаад эхнэртээ хэлсэн үг нь “Яах бол гэж үү? Мэдэхгүй ээ. Төгсгөлөө жаахан өргөчихвөл эцсийн засвар хийх хэмжээний юм болжээ гээд алуулсан жүжгүүдтэйгээ цуг шүүгээний буланд хадгалж болох л юм. Чи заримдаа дурсан санаж байна биз. Би шүүлтээ хийсэн, уншигчдын шүүлтийг сонсох хувь надад бий эсэхийг хэн ч таашгүй”.

“Ганцаардлын аялгуу роман дахь хамгийн хүчтэй аялгууны нэг. Пилат ганцаардана. Үнэнч атлаа өөрийг нь ойлгоогүй Левий Матвей шавьтай Иешуа ганцаардана. Мастер ч ганцаардах бөгөөд хувь заяа түүнд хамтдаа ганцаард… гээд Маргаритаг илгээнэ… Орилон буй хүн чанарын эмгэнэл, хүн чанарын энэрэлгүй шүүх, дотоод шүүх, хэн ч бултаж чадахгүй, хэн ч мэхэлж чадахгүй шүүх бол романы гүн сэдвийн нэг нь юм. Энэ бол огтхон ч ахуйн сэдэв биш”. (Л.Яновская)

Баатарын Бадрал

2023.03.19

“Цуутнууд миний зүрхэнд” номны

III бүлгээс

Хуваалцах:

Мэдээллээс илүү МЭДЛЭГИЙГ, 

Мэдлэгээс илүү МЭДРЭМЖИЙГ…

Бидэнтэй нэгдэх