МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАН дангаараа засаглах тогтолцооноосоо сайн дураар татгалзахын учир?

МАН дангаараа засаглах тогтолцооноосоо сайн дураар татгалзахын учир?

УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар УИХ-аар хэлэлцэж байна. Тоо, тогтолцооны асуудал өмнө нь хэд хэд босч ирсэн ч энэ шатанд хүрсэн нь үгүй. Нэгэнтээ Улсын Их Хурлын өндөр босго давж чадсан уг төслийг хуулийн дагуу гурван үе шаттай хэлэлцэж, иргэд олон нийтийн санаа бодлыг харгалзан шийдвэрлэх ёстой. Энэ дагуу томилолт өвөртөлсөн гишүүд өнгөрсөн 7 хоногт тойргоо зорьж, иргэдийн санаа бодол, байр суурийг сонсов. Эхний уулзалтуудаас л олон нийтийн санаа бодол бүхэлдээ ямар байгааг тандаж болохоор байна.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд парламентыг нэг танхим, 152 гишүүнтэй байхаар оруулж ирсэн. Ингэхдээ мажоритар аргаар 50 хувийг, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ аргаар 50 хувийг нь сонгохоор санал болгож байгаа.

Нэг талаас тоог нэмэгдүүлэх шалтгаан нь өнгөрсөн хугацаанд зөвхөн хүн амын болоод сонгогчдын тоо өссөн, куб язгуурын аргаар гишүүдийн тоог тооцоолсон зэрэг төсөл боловсруулагчийн тайлбарт иргэд нэн тэргүүнд шүүмжлэлтэй хандаж байна. Харин газар нутгийн төлөөлөл буюу илүү том дүр зургаараа аюулгүй байдлын асуудал болоод нийгмийн бүлгүүдийн төлөөллөөр парламентаа солонгоруулах агуулга тодорхой түвшинд дэмжлэг авч байгаа нь харагдана.

Тооны тухайд ардчиллыг төлөвшүүлэх, монголын парламентыг популист амлалтын уралдаан бус бодлогын өрсөлдөөний талбар болохын хувьд парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлж, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах хэрэгтэйг судлаачид хэлсээр ирсэн. Гэхдээ энэ удаад санал болгож буй 152 гэх тоо үндсэндээ иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй нь бололтой. Харин гишүүдийн тоог тодорхой түвшинд нэмэгдүүлж, хувилбарын хувьд 108-120 болгох  боломжтой гэх байр суурь уулзалтуудын үеэр цөөнгүй гарсан. Ингэхдээ төлөөлөх чадварыг хангалттай бүрдүүлж залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, мэргэжлийн судлаач нарын зэрэг мэргэжил, ашиг сонирхлын бүлгүүдийн төлөөллөөр хууль тогтоох байгууллагаа чадавхжуулах агуулгыг иргэд хөндөж байна.

Энд нэгэн сонирхолтой өнцөг байгаа нь гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх өөрчлөлт дангаараа засаглагч МАН-д ашиггүй хувилбар. Мажоритар сонгуулийн тогтолцоогоор нийт сонгогчдын 50 хувийн саналыг авч чадахгүй ч нийт саналын 40 гаран хувийг МАН аваад байхад дахиад хэдэн ч бүрэн эрхийн хугацаанд дангаараа эрх барих боломжтой. Гэтэл эрх баригч МАН яагаад өөрсдийн санаачлагаар гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх төслийг батлуулахаар үхэн хатан зүтгээд байна вэ гэдэг нь гайхаш төрүүлнэ. Урт хугацаандаа МАН улс төрийн тавцангаас ул мөргүй алга болох булшны нүх нь дангаар засаглах боломжийг олгох мажоритар тогтолцоо болж таарах нь гэж судалгааны дүн нь харуулав уу? Эсвэл үнэхээр парламентын тогтолцоог эрүүл болгоё гэж улс төрийн ууган хүчин улс орноо бодсон өөрт ашиггүй ч уртдаа Монгол улсад хэрэгтэй шийдвэр гаргав уу гэдгийг харах л үлдлээ.

Гэхдээ иргэд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болсон нэр цэвэр кандитатуудыг сонгуульд олноор нэр дэвшихийг дэмжиж байгаа бөгөөд эсрэгээрээ Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон хүмүүст дахин боломж олгохгүй гэдгээ шуудхан хэлж байна. Үүнийг намууд нэн тэргүүнд анхаарах нь зүй юм.

Өөрөөр хэлбэл, намын жагсаалтын ард нэрээ бичүүлэн хаалгаар биш тооноор орж ирэх заль мэх ирээдүйдээ ихээхэн уршигтайг иргэд эхнээс нь сануулж байна гэсэн үг.

Эдгээр сануулга, иргэдийн байр суурийг Үндсэн хуулийн араас хэлэлцэх Улс төрийн намын тухай болон сонгуулийн тухай хуулиудад эчнээ тусгах нь нэн чухал биз ээ.

Тогтолцооны тухайд иргэдийн дэмжлэг авсан ч эс дэмжсэн ч парламент олонхийн хүчээр түрээд батлах нь тодорхой. Өнгөрсөн хугацаанд 8 удаа парламентын сонгууль зохион байгуулахдаа нэг удаад нь төслөөр санал болгож буй холимог хэлбэрийг ашигласан удаатай. Анзаарвал бүхэлдээ сонгуулийн болоод улс төрийн оролцоо буурч байгаа энэ үед иргэдийн саналыг аль болох гээгдүүлэхгүйгээр төлөөллийг нь хангаж хамтаараа урагшлах замыг сонгох нь юуны өмнө бүх талуудад ашигтай. Алсдаа бодлогын нам төлөвших, нийгмийн бүлгүүдийн төлөөллөөр дамжуулан цөөнхийн оролцоо хангагдаж, тойрогт хүлэгдсэн бодлогоос ангижирч, улсын нийтлэг ашиг сонирхлыг чухалчлах боломж бүрдэх өндөр ач холбогдолтойг судлаачид онцолж байна.

Ямартай ч УИХ өөрт оногдсон үүргээ ухамсарлаж, зөв голч шийдвэр гаргаж чадвал зөвхөн тоо, тогтолцооны асуудал шийдэгдээд өнгөрөх төдий бус улс төрийн орчинд хөгжлийн хурдасгуур авчрах “эхлэх” товчийг дарна гэсэн үг. Харин гишүүдийн тоо 152 биш юм аа гэхэд 76-аас лав багадаа 30 суудлаар нэмэгдлүүэх нь тодорхой байна.

Хуваалцах:

Мэдээллээс илүү МЭДЛЭГИЙГ, 

Мэдлэгээс илүү МЭДРЭМЖИЙГ…

Бидэнтэй нэгдэх