МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шөнө амталсан нулимс”- ААДАР БОЛЖ ЦУТГАХАД…

“Шөнө амталсан нулимс”- ААДАР БОЛЖ ЦУТГАХАД…

“Шөнө амталсан нулимс” нэрээр 2005 оны хоёрдугаар сард УДЭТ-т анх тавигдаж байсан МУСГЗ Ц.Балдоржийн “Шөнө буусан аадар” жүжгийн зохиолыг 18 жилийн дараа Мөрөөдлийн театрын уран бүтээлчид найруулагч Э.Ёндоншаравын шинэ найруулгаар тайзнаа сэргээн тавилаа.

Лабораторийн туршилт бүтэлгүйтэв үү? Ялгагдахааргүй COVER болж таарав уу?

Арван найман жил гэдэг хүний амьдралын хувьд хэр их хугацаа вэ гэдгийг 2005 оны “Шөнө амталсан нулимс” жүжгийн бага охин Алимаагийн дүрийг бүтээсэн жүжигчин  Д.Ганцэцэг 2023 онд “Шөнө буусан аадар” жүжгийн ээж Энхээ болон хувирснаас бэлэхнээ харж болно. Харин нийгэм, оюун санааны амьдралын тухайд 18 жил богино хугацаа юу? Нийгмийн чиг хандлага,  нийтлэг үзэл баримтлал, иргэдийн ухамсар 2000-аад оны эхэн үеэс өнөөдрийг хүртэлх 20-иод жилийн хугацаанд хэрхэн хувьсан өөрчлөгдөв? Өөрөөр хэлбэл Ц.Балдоржийн “Шөнө буусан аадар” жүжгийн зохиолын сэдэв өнөө цагт хуучирсан эсэхийг оношлох нь зүйтэй. Ингэхийн тулд зохиолын үйл явдал, дүрүүдийн үзэл санаа, композици одоо цагийн үзэгчдэд үнэмшигдэн “зөвтгөгдөж” чадаж уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй болно. Магадгүй 18 жилийн өмнө эл жүжгийг үзсэн анхны үзэгчдэд Тэрбишийн гэл бүлийн дэлгэгдсэн нууц Солонгосын олон ангит савангийн дууриас л харж болох эмгэнэлт, ээдрээт, энэ бодит амьдралд төдий л нийцэхээргүй хүмүний хамгийн нүгэлт, адгийн хог шаарнуудыг нэгэн гэр бүлийн дээвэр дор хүчээр оруулчихсан юм шиг санагдаж байсан болов уу. Харин өнөө цагийн үзэгчдэд бол Тэрбишийн гэр бүл өнөөдрийн манай нийгэмд элбэгшсэн “шинэ элит” гэр бүлийн л нэгээхэн төлөөлөл. Мөрөөдлийн театрын шинэчлэн тавьсан хувилбарыг үзсэн хүмүүс “Шөнө буусан аадар”-т нэвт цохиулж байгаа дүрүүдийг жигшин зэвүүцээд, цочирдож хүлээж авах нь юу л бол? Тэртээ тэргүй олон нийтийн сүлжээ, сошиал медиагаар Э.Ёндоншаравын тавилттай энэ жүжиг байтугай огтоосоо тавилт найруулгагүй хэрнээ үнэнхүү цочир сонин гэр бүлийн реалити шоуг өдөр бүр үзэж сонирхож байгаа цаг хойно! Хэр баргийн скандалд цочирдохоо больчихсон өнөөдрийн нийгмийн ситуацыг найруулагч мэдэрдэг л баймаар… Хэрэв тийм бол найруулгын хувьд зоримог шинэчлэл хийж туршаад үзэх хэрэгтэй байлаа. Уг нь найруулагч хөшиг нээгдэхийн өмнө үзэгчдэд оршил айлдахдаа, “Энэ бол лаборатори театр. Тиймээс энэ гэр бүлд өрнөж байгаа бүхэн зохиомол. Тиймээс яаж ч өөрчлөгдөж болно. Төгсгөл нь тодорхойгүй” гэж тодотгосон. Дараа нь хөшиг нээгдэхэд гольфийн талбайд буй жүжгийн дүрүүд рүүгээ найруулагч гар даллан мэндчилж, УИХ-ын гишүүн Тэрбишийн багын анд, гэр бүлийнх нь хүндтэй хэрнээ байнгын зочин Төмөртэй зуслангийн байшингийн хаалганы өмнө таарахдаа мэнд мэдэн яриа өдөж, “Та Төмөр байх аа? 50 орчим настай, бизнесмэн. Тэрбишийн эхнэр Энхээгийн төрсөн өдөрт ирж байна уу? Танд зөвлөхөд битгий ороорой гэж хэлмээр байна” хэмээн жүжгийн дүртэйгээ шууд харилцаа үүсгэснээрээ найруулагч өөрөө жүжгийн нэгэн хэсэг болж, БОДИТ АХУЙ буюу үзэгчид-ЗОХИОМОЛ АМЬДРАЛ буюу дүрүүдийн хооронд ГҮҮР болж, Тэрбишийн гэр бүлийн тогоо руу нь битгий хэл хөнжил рүү өнгийж харахаар ирсэн үзэгчид хийгээд далан булчирхай, бүх бузар булайгаа дэлгэх дүрүүдийг нэг цул болгох нь гэж ихэд олзуурхсан. Тайз-Зрител гэсэн заагийг арилгах нь гэж итгэсэн. Мөрөөдлийн театрын лабораторид Э.Ёндоншарав ямар шинэ туршилт хийх нь вэ гэсэн ХҮЛЭЭЛТ үүсгэж орхисон. Гэвч тэр нь ердөө нэгдүгээр үзэгдлийн эхлэл л болоод өнгөрсөн нь тоогүй. Үүнээс хойш тайзан дээрхи дүрүүд зөвхөн өгөгдсөн хязгаарлагдмал орон зайндаа “амьдарч”, зрител нь жүжгийн оролцон тоглогч, “худал хуурмагийн эзэд”-ийн мэдүүлгийг шүүн тунгаагч ёс зүйн зөвлөл, тангарагтаны  шүүхийн бүрэлдэхүүн бус үзэгчийн байр сууриндаа эргэн  шилжив. Шулуухан хэлэхэд 2023 онд СТӨ-нд “Шөнө буусан аадар” нэртэйгээр өөр найруулагч, өөр жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр “шинэчлэгдэн” тавигдаж буй энэ жүжиг тайзны авангард шийдэл /2005 оны тавилт нь тайзны хувьд хэт ахуйлаг байсан/, зарим нэг дүрийн нэр, хүйсийг жаахан оролдсныг эс тооцвол 2005 онд тавигдсан “Шөнө амталсан нулимс”-аас айхтар шинэдээд байх зүйл олж харсангүй. Эх зохиолын сюжет, диалогид сүйдтэй өөрчлөлт гарсангүй. Нэг ёсондоо Э.Ёндоншаравын тодотгосон “лаборатори театр” дахь эдүгээчилсэн шинэ соргог туршилт анзаарагдсангүй.

Германы театр судлаач, онолч Ханс-Тис Леманы үзэл санаагаар өнөөгийн театрын урлагт драмын зохиол буюу текст нь жүжгийн чухал бөгөөд ганц боломжит суурь байхаа больсон гэж үздэг. Жүжгийн текст гэдэг нь өргөн утгаар хэрэглэгдэх болж, жүжигчний урлагийн хамт хөгжим, пластик хөдөлгөөн, видео проекц, бусад техник технологийн ололтыг оролцуулахыг хэлнэ. Түүнчлэн өнөөгийн театрт зохиолыг ягштал баримтлан цээжлэн жүжиглэх нь чухал биш. Урьд өмнөх үеийн зохиолчдын бүтээлүүдэд дүр, дүрүүдийн хоорондын зөрчил байдаг байсан бол орчин үеийн зохиолчдын бүтээлд тийм дүрүүд, зөрчлүүд байхгүй. Өнөөдөр жүжгийн зохиолын бүрэн эхийг баримтлах шаардлагагүй, түүний сэдвийг ашиглахад л хангалттай гэж үзэх болсон.

Тэгвэл Леманы томьёолсон орчин үеийн, лаборатори театрын зорьмог, бүтээлч, хэвшмэл дүрэм журамд үл баригдах эрх чөлөөт уур амьсгал лав л “Шөнө буусан аадар”-аас мэдрэгдсэнгүй. Уг нь дүрүүдтэйгээ нээлттэй харьцаад эхэлсэн тэр жанжин шугамаа алдагдуулалгүй үзэгдэл хоорондын шилжилт, харанхуйлал, пауз, тайзны шилжилт өөрчлөлтийн зарим хэсэгт найруулагч гарч ирэн оролцож, зарим үед өөрөө тайзны гэрлийг унтрааж, ширээ сандлыг түлхэн холдуулах явцдаа зрителтэй харьцаж, учир нь ойлгогдохгүй оньсого шиг ээдрээт зөрчлийг тайлах өөрийн гаргалгаа хувилбарыг дэвшүүлж, зарим үед дүр буюу жүжигчиндээ замечание өгөх байдлаар газар дээр нь тухайн орчинд үйл явдлыг өөрчлөх зэрэг алхмуудыг зоримог хийж үзсэн бол утгаараа туршилт болох байлаа.

Магадгүй Ц.Балдорж агсны мэндэлсний 70 жилийн ой тохиож буй нь, зохиолчийн гэр бүл үр хүүхдүүд нь өндөр ач холбогдол өгч ирж үзнэ гэдгээс, 18 жилийн өмнө анх тайзны бүтээл болгосон найруулагч нь эсэн мэнд төдийгүй Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагчаар одоо ажиллаж буй гэдгээс сүрдэн хүндэтгэснээс сүйдтэй шинэчлэл, зоримог өөрчлөлт хийх зүрх нь хүрээгүй байх талтай. Хэрэв тийм л юм бол лаборатори театр энэ тэр гэж худлаа сүржин тодотгож байхаар даруухнаар “18 жилийн дараах ковер” хувилбар гэсэн бол бодит үнэлэмжинд нийцэх байлаа.      

Зохиолын композицийг найруулагч хэрхэн урлав?

Ц.Балдоржийн эх зохиолд УИХ-ын гишүүн Тэрбиш, эхнэр Энхээ, хадам аав Халзан, том охин Чимгээ /Мөрөөдлийн театрын хувилбарт нэрийг Чингүүн болгон хүйсийг эр болгосон/,  охин Алимаа /шинэ хувилбарт Аялуун/, бага хүү Од, хадам аав Халзан, бизнесмэн Төмөр, гэрийн үйлчлэгч Оюунаа нараас гадна ҮЛ ҮЗЭГДЭГЧ ХҮН гэх симбол дүр бий. Эх зохиолд (Үл үзэгдэгч хүн нь цав цагаан хувцастай, цас шиг цагаан царайтай, төрх байдлаараа Тэрбиштэй төстэй. Түүнийг үл үзэгдэгч хүн, хүний сүнс, тэр тусмаа Тэрбишийн сүнс ч гэж бодож болно) хэмээн дүрсэлсэн байдаг. Зохиолын нэгдүгээр үзэгдлээс л тайзны нэг хэсэг болж гэр бүлийнхээ гишүүдийн үг, үйлдэлд заримдаа цочирдож, заримдаа үл эвлэрч, заримдаа ёжолсон төрх байдал үзүүлэх Үл үзэгдэгч хүнийг жүжгийн тайлал хүртэл Тэрбишийн махан биеээсээ ангижирсан сүнс нь юм байна гэж үнэмшиж, Энхээгийн төрсөн өдрийн баярын ширээнд хөшиг нээгдсэн мөчөөс хойш анхнаасаа биеэр байгаагүй өрхийн тэргүүнийг нас барчихаж гэдэгт бүрэн итгүүлнэ. Гэвч зохиолын төгсгөлд охин Аялуун нь аавынх нь үхэлд буруутгагдаж аль хэдийнэ алуурчин, хамсаатан, сэжигтэн, гэрч болчихоод буй гэр бүлийнхэндээ эцгийгээ амьд гэдгийг мэдэгдэж, энэ бол хуурамч багны цаана ичгэвэртэй үнэнээ нуусан нэгэн дээвэр доорхи хүмүүсийнхээ жинхэнэ нүүр царайг бие биед нь илчлэхийг хүссэн, хэн нь хэн бэ гэдгийг таниулах зорилготой аав охин хоёрын сэм хуйвалдсан “аймшгийн жүжиг” нь амжилттай хэрэгжсэнийг бахтай гэгч нь хэлээд аавыгаа өрөөнөөс нь дагуулан гарч ирдэг. Тэгвэл нэгэнт Тэрбиш амьд байсан юм бол Үл үзэгдэгч хүн чухам хэн бэ? Амьд хүний биеэс сүнс, сүлд хиймор нь зайлчихсан гэж ойлгох уу? Эсвэл амьд сэрүүн атлаа гэр бүлдээ эзлэх байр суурь, өрхийн тэргүүний орон зай, гэр бүлийн гишүүддээ хүндлэгдэх үнэлэмжийн хувьд аль хэдийнэ сүнс мэт үл үзэгдэгч болон хувирсан Тэрбишийн оршихуйг бэлгэдсэн ч байж болох.

Тэртээ 2005 онд тэр үеийн залуу найруулагч Н.Наранбаатар эл жүжгийг тавихдаа Үл үзэгдэгч хүнийг идэвхгүй оролцогч буюу царай төрх үл харагдагч, дуу чимээгүй, үйл хөдлөлгүй оршигч хэлбэрээр шийдсэн байдаг. Хэрэв Н.Наранбаатар найруулагч эх зохиол дээрх идэвхтэй оршигч Үл үзэгдэгч хүн хийгээд УИХ-ын гишүүн Тэрбишийн дүрд аль алинд нь П.Цэрэндагвыг тоглуулсан бол үхэн хатан нуув ч үнэнд гүйцэгдэгчдийг гашуунаар ёжлох ШӨНӨ БУУСАН ААДАР болох байсан ч юм бил үү гэж хожмоо харамсан төсөөлдөг л юм.

Харин найруулагч Э.Ёндоншарав үл үзэгдэгч хүнийг нэгдүгээр үзэгдэлд зурвасхан гаргаад арилгачихав. Төөрөлдсөн үзэгч Тэрбиш өөрөө юу, эсвэл сүнс нь үү гэж ялгалгүй эндүүрч андуурахаар… Уламжлалт театрын алтан дүрмээр, “Нэгдүгээр үзэгдэлд хананд өлгөөтэй байсан буу дараагийн үзэгдэлд дуугарах ёстой” гэдэг. Гэтэл Үл үзэгдэгч дүр дахин тайзнаа үзэгдсэн ч үгүй. Симбол дүрийн зөвтгөл, тайлалыг харуулалгүй явсаар төгсгөчихсөн. Найруулагч чухам юу бодож тийнхүү шийдсэнийг таашгүй.  Анх бичигдэхдээ фасадыг нь яаж ч өөрчилж болохоор уян хатан бичигдсэн ч гол нуруу нь өөрчлөхийн аргагүй бөх хийцтэй Ц.Балдоржийн энэ зохиолоос хамгийн уян хатан, ус шиг олон төлөвт хувьсаж чадах, онож чадвал найруулагчийн шигтгээ болж болох, онь нь алдагдвал жүжгийг тэр чигт нь логикгүй болгож нураах дүр бол үл үзэгдэгч симбол байлаа. Энэ дүр дээр дахиад сайн ажиллаж, ухаан зарцуулах байсан мэт санагдана.

Эцэст нь…

МУСГЗ Ц.Балдоржийн мэндэлсний 70 насны босгон дээр “Шөнө буусан аадар” дахин цутгав. Энэ аадар худал хуурмагийн багийг шалба норгон урсгах гашуун үнэний хур байлаа. Үнэний шүүлт нэгэнтээ хуралдсан бол хоргодох шүхэр нь гагц наминчлал биз ээ.

Зохиолч, нийтлэлч Ө.Үлэмжтөгс

2023 он

Хуваалцах:

Мэдээллээс илүү МЭДЛЭГИЙГ, 

Мэдлэгээс илүү МЭДРЭМЖИЙГ…

Бидэнтэй нэгдэх