Саявтархан Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга С.Цэнгүүн гэх бүсгүй “Би дуртай зүйлдээ шинэлэг, дайчин, өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг Gen Z үеийн төлөөлөл юм. Бид анх төрөхдөө л өмчтэй айлд төрсөн, би үүнд дуртай, дургүй гээд шууд хэлчихдэг сонголт хийх эрх чөлөөт нийгэмд төрсөн үеийн төлөөлөл. Би өөрөө ажлаа хийгээд, хаана ч амьдарч чадна гэдэг өөртөө итгэлтэй залуус бол бидний үеийнхэн” гэж хэллээ л дээ. Хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна. Ер нь 2003 оноос хойш төрөгсдийг энэ үед хамааруулж байгаа бол 2010 оноос хойш төрөгсдийг дараагийн буюу Альфа үеийнхэн хэмээн үзэж буй бололтой юм. Альфа үеийн хүүхэд асрагч нь iPAD юм байна. Өнөөдөр 4-р курст сурч буй оюутан бол Gen Z үеийн төлөөлөл, тиймээс 4-р курсийн нэгэн оюутныхаа бичсэн яруу найргийн тухай эргэцүүллийг та бүхэнтэй хуваалцахдаа баяртай байна.
Г.БАТСУУРЬ /МУБИС/
***
2023 оны яруу найргийн шилдгийг шалгаруулах “Болор цом” хийгээд “Алтан өд”-ийн эзэд уран зохиол сонирхогчдын төдийгүй миний мэтийн “балчир” уншигчдын дунд ч нэлээдгүй дуулиан шуугиан дагуулан тодорлоо. Сүүлийн жилүүдэд залуусын анхаарлаас үндсэндээ гарчихаад байсан яруу найргийн амин сүнс дахин ард түмний дунд амилсанд миний бие учиргүй баярласныг нуух юун. Уран зохиол тэр дундаа яруу найраг бол ийм л амьд, гал халуун байх ёстой гэж санана.
Эндээс 41 дэх удаагийн “Болор цом”-ын эзэн С.Начин, оны шилдэг яруу найргийн бүтээл тодруулах “Алтан өд”-ийн эзэн Л.Баасансүрэн найрагчдыг онцолмоор байна. Учир нь ерээд оноос эхтэй ардчилсан нэрт хөдөлгөөнүүдийн хэрүүл тэмцэл, улангассан мэт амжилтад шунан, ханаж цадахыг үл мэдэн өрсөлдөх өнөөгийн нийгмийн амьдрал дунд хэсэг боловч эгэл амьдрахуйн сайхныг энгийн нандин хийгээд чамирхаж гайхуулалгүй, чинээнд нь тааруулан зурагласан нь залуусын сэрэл хүртэхүйн чанадад хүрч чаджээ. Үүнд яруу найрагч С.Начингийн “Дорнын дотоод гоо сайхан”, “Уучлалын шүлэг”-ийг дурдаад “Лит хуанлийн завсар”-т орших байгаль хийгээд хүний оршихуйн шүтэн барилдлага, өөрийн эрхгүй нутгийн уулсынхаа буурал тэргүүнийг ширтмээр ер бусын гандаардал дундах бодрол ухаарлын мөртүүдийг онцлон тэмдэглэе.
Шүлэг яруу найраг гэдэг цаг үе бүртээ өөрийн гэсэн өнгө төрх, үнэ цэнтэй байх эгшний урлаг байдаг. Яруу найраг сонсогч, уншигчгүй бол эмгэнэл. Өөрөөр хэлбэл цаг үеэ мэдэрсэн, тэрхэн зуур “цахилаад” өнгөрөх торгон мэдрэмжийг барьж буулгах нь зөвхөн бие хүний мэдрэмжийн л асуудал. Тиймдээ ч утга зохиолын салбарыг “Хөнжил дотроо жийлцэж явдаг”, “Өөдгүй муу шүлэгчдийг тэргүүн байр хүчээр эзлүүлсэн” гэх яриа тасрахгүй шинжтэй.
Хүн төрөлхтний соёлын хөгжил дэвшил ядруухан монголчуудын боловсролд ч зохих ёсоор нөлөөлж өдгөө зөвхөн монгол хэлт яруу найраг бус олон үндэстний яруу найргийн дээжийг саадгүй хүртэх боломж бидний үеийнхэнд нэн чөлөөтэй болсныг сануулах нь илүүц биз ээ. Тухайлбал метамодернист, контемпорари яруу найргийн төлөөлөл гэгдэх Канадын зохиолч Рүпи Каур, Вьетнам гаралтай америк яруу найрагч Өүшн Вонг нарын зэрэг уран бүтээлчдийн шүлгүүдээс туйлын плюрал хийгээд оптимист байдлыг өөрийн “би”-гээ олж нээх утгаар илэрхийлдэг зүй тогтол ажиглагдах болсон бөгөөд өдгөө цагт яруу найрагчид орчин үеийн хүний ганцаардлыг нэхэн хайх, түүнээс аз жаргал, хувь хүний нэгээхэн хэсгээ олж авах эрлийг яруу найргаараа дээрх адил маш хялбар, тэгээд энгийнээр, хамгийн гол нь хэлбэрт баригдалгүй туурвих болсон байна.
Дэлхийн утга зохиол дахь феминистүүдийн төлөөлөл гэгдэх залуу зохиолч Rupi Kaur өөрийн 2014 онд хэвлүүлсэн “Milk and honey” шүлгийн түүвэртээ эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, сэтгэл зүйн асуудлууд, шаналал, хайр, гуниг, ганцаардал зэргийг “The Hurting”, “The Loving”, “The Breaking”, “The Healing” (Шаналахуй, Хайрлахуй, Хагацахуй, Эдгэхүй) гэсэн дөрвөн бүлэгт багтаан бичсэн байдаг нь нийт 43 орны хэлээр орчуулагдаж 11 сая хувь хэвлэгджээ.
“you were not wrong for
leaving
you were wrong for
coming back”
(Намайг орхисон чамд буруу үгүй ч
Надруу буцсан чамд буруу бий.) (Kaur, R. (2014). Milk and Honey. Andrews McMeel Publishing. The Hurting)
“i want to apologize to all the women
i have called pretty
before i’ve called them intelligent or brave
i am sorry i made it sound as though
something as simple as what you’re born with
is the most you have to be proud of”
Ухаалаг, эрэлхэгийн оронд
Үзэсгэлэнтэй, хөөрхөн гэж цоллуулсан
Бүх эмэгтэйчүүдээс би уучлал хүсье
Эхээс заяасан гоо үзэсгэлэнг тань
Эгнэгт бүхний тэргүүнд тавьсандаа
Би, бүгдээс нь уучлал хүсье(Kaur, R. (2014). Milk and Honey. Andrews McMeel Publishing. The Loving)
“it takes grace
to remain kind
in cruel situations”
(Энэлэл шаналлаар дүүрэн үе
Эелдэг зөөлөн байхыг шаардана.) (Kaur, R. (2014). Milk and Honey. Andrews McMeel Publishing. The Breaking)
“i do not want to have you
to fill the empty parts of me
i want to be full on my own
i want to be so complete
i could light a whole city
and then
i want to have you
cause the two of us combined
could set it on fire” (Kaur, R. (2014). Milk and Honey. Andrews McMeel Publishing. The Healing)
(Дутуугаа дүүргэхийн тулд би,
Чамайг дэргэдээ үлдээмээргүй
Би, чамгүйгээр дүүрэн байхыг хүснэ
Би, чамгүйгээр бүтэн байхыг хүснэ
Бүхий л хотыг хамтдаа гэрэлтүүлэхийн тулд би,
Чамайг дэргэдээ л байлгая)
Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд туйлын шаналгаатай байж болох сэдвүүдийг хэтийдсэн уянгын халилгүй, хүнд нүсэр үг хэллэггүйгээр зарим хэсэгтээ саркастик маягтай бичих нь орчин үеийн уншигчдад хүрэх нэгэн том шалтгаан болж, цаашдын уран зохиол, яруу найргийн хэтийн төлвийг ч тодорхойлох хөшүүрэг болж магадгүй юм. Мөн Рүпи Каурын “The sun and her flowers” 2017 шүлгийн түүвэр борлуулалтаараа бүх цаг үеийн эхний тавд дээр дурдсан “Milk and honey” түүвэртэй хамт бичигдэж байгаа нь түүний бичлэгийн өнгө төрх, утга агуулга зэрэг нь цаг үеийн шинжтэй хөөсрөл биш байж болмоор санагдсаныг нуух юун.
Үүнээс үзвэл бидний нэгэн цагт шашин мэт шүтэж явсан монгол шүлгийн хэлбэр нэгэнтээ эвдэгдэж, түүгээр зогсохгүй агуулгын хүрээ ч багасахын сацуу “нүсэр үг хэллэгээс татгалзъя” гэсэн уриан дор бат зогсох шиг. Ерөөс хэлбэрт баригдана гэдэг яруу найрагт байж болшгүй зүйл. Гэсэн ч яруу найрагт тогтсон хатуу хэлбэр тогтоох оролдлогууд утга зохиолын түүхэнд цөөнгүй бий. Харин жинхэнэ шүлэг, тэр дундаа урбан яруу найраг нь аль болох задгай, аль болох шугаман бус шинжтэй байвал Монгол хүний сэтгэхүйд нэн зохилтой. Эс бөгөөс манай зарим суут гэгдэх яруу найрагчдын “Хайку” буюу гуравт шүлгүүд, зохиолч До.Цэнджавын Дөрөвт буюу 500 рубай, Р.Чойномын “Гал морин цаг” романы оршил сонет зэргийн адил мартагдах буюу.
***
Яруу найрагч Л.Баасансүрэн өөрийн уран бүтээлээ “яруухан” байлгаж чаддаг нэгэн шиг. Ерөөс цаг үеэ мэдэрсэн “шүлэг шиг шүлэг” бичих мөртөө эгэл жирийн малчин ахуй, байгаль ба хүмүүний шүтэн барилдлага хийгээд орчин үеийн монголчуудын сэтгэл зүйн асуудлыг ч эвлэгхэн хөндчих янзтай бүтээл туурвисан нь түүний “Лит хуанлийн завсарт” түүврийн нэгэн онцлог, зохиолчийн уран чадварын илрэл бололтой. Ерөөс би Баасансүрэн ахын (Царайг нь ч танихгүй шахуу даа. Гэхдээ л уран бүтээлийг нь уншиж, сэтгэлд үлдсэн хүмүүс нэг л дотно мэдрэгддэг учраас ах л гэе. -М.Ч.) тухай сайн мэдэхгүй ч эхний шүлгийг нь уншаад л сэтгэлийн угт нь орших ужиг ганцаардлыг мэдэрсэн юм. Яруу найрагч хүн, уншигчдад уран бүтээлээрээ дамжуулан эгшин зуурт сэтгэл хөдлөл авч ирнэ гэдэг “лут” хэрэг. Уран зураг, дуу хөгжимд л элбэг байдаг зүйл шүү дээ. Үүнийг би баттай хэлье. Мөн өнөөх л эгэл жирийн, нүсэр үг хэллэггүй, урсаад л орчихдог “шимийн архи шигээ” нандин мөртүүд, хүний сэтгэлийг “гижигдээд” эсвэл “донсолгоод” байхгүй ч өөрийн гэсэн илэрхийлэл, хэв маяг нь дөрвөн улирлын аясаа даган амьдардаг монгол хүний сэтгэлгээнд яв цав нийцэж байгаа юм.
Нэгэнтээ “Далайг хараад гуниг төрөхгүй бол чамд ямар ч найдлага алга” гэсэн Федерико Г.Лоркагийн үгийг манай зохиолч Г.Аюурзана орчуулсан байдаг. Үүгээрээ Лорка, яруу найрагч хүн эргэн тойрноосоо гуниг харууслыг мэдэрдэг байх нь чухал гэсэн санааг л дэвшүүлсэн аж. Баасансүрэн найрагчийн яруу найргийн “онгод” нь ганцаардлаас урган гарсан хөнгөн гуниг. Энэ ганцаардал нь түүний шүлэг, яруу найрагт бүрнээ амилсан байдгийг:
Хүрээгүй захидалдаа
Хариу хүлээгээд
Газрын хол, усны уртад
Ганцаардаж суугаа хүнд
Он цаг
Өвсний зовлон үүрүүлээд
Оддын жирвэгнээн
Гуниг гижигдэнэ.
Өвлийн эхээр орсон
Шинэ цасны хэмнэл
Өлгийн дууг үечлэн
Өнө эртний уй ниснэ.
Газар усны холд
Ганцаардах гэдэг чинь
Гартаа мэдрэмжээ атгаж
Ганцын ганцаа олохыг хэлнэ. (Баасансүрэн Л. “Лит хуанлийн завсарт” УБ. 2023. 4-р тал) гэх буюу;
…Гадаа орхисон аяга дүүрч хальжээ.
Ганцаардлаа хундгалж уухуй согтохын эцэсгүй.
Намрын бороо онгойх янзгүй,
орой нь цоорхой тэнгэр,
Намуухан атлаа хүйтэн энэ бороо жигтэй ажээ… (Баасансүрэн Л. “Лит хуанлийн завсарт” УБ. 2023. 14-р тал)
…Ганцаардаж байна,
Гараа эвхэн суусаар байна.
Гандсан навчны гуниг амтагдаж байна,
Гал ус дотор минь харшиж байна…
…Чичрэнгэ аялгуут тансархан салхинаас
Чиний тухай дурсамж гэгээ татуулна.
Гэхдээ л дурсамж ямар амьдрал биш,
Гэрээс минь яагаад уйтгар ханхлана бэ..? (Баасансүрэн Л. “Лит хуанлийн завсарт” УБ. 2023. 51-р тал) гэх мэт олон жишээнээс харж болно. Адуун сүргээ даган, жил сарын уртад байгаль дэлхийгээ шинжин явахдаа ганцаар оршихуйн бэрхийг үзэж, тэр л сэрэл, хүртэхүйгээ шүлэг болгон буулгасан нь энэ.
Л.Баасансүрэн найрагчийн гуниг, ганцаардлын өнгө чухам дөрвөн цагийн өнгөтэй дүйнэ. Тэртээ “Эрээн цав”-аараа овоглосон Д.Нямсүрэн найрагч дөрвөн цагийн өнгийг байгалийн дүрслэлтэй хослуулан зураглаж, монгол хүн бүрийн нүдэнд харагдах ахуйг авч ирсэн бол, “Хуанлийн завсарт” буух хүний сэтгэлийн хөнгөн гунигийг эгэл нэгэн адуучин уран бүтээлдээ мэдрэн буулгасан нь гайхмаар.
…Навчин хээтэй ар хөвчийн ууланд
Намрын бороо сүүлчийн гунигаа нэрнэ.
Эм салхины уянгалаг наалинхай аашинд
Эр сэтгэл уярч асгардаг нь жам юм даа…
…Самрын чөмөгтэй хэрэмний үүрийг далдлах
Саглагар мөчрүүдийн хянамгай хөдөлгөөн
Нам гүмийн эрчист өөрийгээ илэрхийлсэн
Намрын хэлэмж гэдгийг хэн ч анзаарахгүй… (Баасансүрэн Л. “Лит хуанлийн завсарт” УБ. 2023. 12-р тал) хэмээн намар цагийн өнгийг өөрийн шүлэгт дүрслэхдээ монгол эр хүний сэтгэлзүйн асуудал, гандаардсан сэтгэлийг намрын бороо, салхины аязаар нээн харуулсан байна. Мөн дараах шүлэгт:
Хуучин амрагтайгаа учирсан мэт
Дотнохон догдлол хийсэн ирж,
Хуруун завсар уугих янжуурын утаа
Долоон цагираг хээлэн дэгдэнэ.
Урьхан салхи талын хаяанд амарч
Урины шувууд аяны жолоо татлаа.
Борооноос урьтаж, дээврээ битүүлээд
Бодолдоо цөмөгдөх
самархан юм даа, хүн гээч… (Баасансүрэн Л. “Лит хуанлийн завсарт” УБ. 2023. 27-р тал) хэмээн учрал нь дууссан амраг бүсгүйгээ санан догдлох гарцаагүй хэдий ч тодорхойгүй уйтгарт мөчийг зуны бороог хүлээх адил сэтгэн, үл мэдэгдэм нарийн холбоогоор нэгэн шүлэгт бэхэлжээ.
Гэрийн гадуур салхи сүнгэнэн
Гэнэт ассан гал дүрэлзэн шатаж, хүхээг хүнгэнэнэ
Мацагийн талд торойх ганц гэрт
Манцуйтай хүүхэд шиг сэтгэл уйлна.
Маргааш ес эхлэн өдөр тавирна.
Манант өдрүүд цэлмэж байна… (Баасансүрэн Л. “Лит хуанлийн завсарт” УБ. 2023. 54-р тал)
Ингэж байгаль хийгээд хүний сэтгэл зүйн нарийн холбоог малчин ахуйд буулган илэрхийлэх нь жилийн дөрвөн улиралдаа өөрийн бодол санаагаа сонсохын зэрэгцээ төрсөн нутгаа ажин суудаг хөдөөгийн эгэл бор эр хүний л сэтгэлд буух нь эргэлзээгүй.
Дорнын их найрагч Д.Нямсүрэнг энд дурдсан нь мөн өөр нэг шалтгаантай. Утга зохиол судлаач, шүүмжлэгч (миний багш-М.Ч.) Г.Батсуурь нэгэн өгүүлэлдээ “Яруу найрагч Д.Нямсүрэн эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүй урсах цаг хугацааны нэвчилт чанарыг өвсний хувирлаар илэрхийлдэг, тийн илэрхийлэхдээ сонгодог монгол бичгийн хэлний үеийн яруу найргийн уламжлалыг орчин цагжуулан өвсний уянгаар цогцлоон бүтээж ХХ зууны Монголын яруу найрагт өөрийн сургуулийг буюу Эрээнцавын дэг-ийг хүлээн зөвшөөрүүлсэн сод бүтээлч байв” гэж тодорхойлжээ. Харин Л.Баасансүрэн найрагч “Эрээнцавын дэг”-ийг дагаагүй ч, өвсний уянгыг уран бүтээлдээ нарийн шингээж чадсан байна. Ингэхдээ өөрийн гурвал шүлэгт:
Өвсний толгой
Өдөржин бөхөлзөнө
Салхины шидэнд итгэнэ (Баасансүрэн Л. Гурван цүүр. УБ. 2023. 79.)
Наран ургаж
Өвсний толгой мөнгөрөв
Намрын хяруу (Баасансүрэн Л. Гурван цүүр. УБ. 2023. 87.) хэмээсэн бол “Лит хуанлийн завсарт” түүвэртээ:
…Өвс шиг үлдэх тэнхэл
Буй бүхэнд заяасан хэдий ч
Өлгий, авсны зай шигээ
Бушуу хугацааг түймэрдэнэ… (Баасансүрэн Л. “Лит хуанлийн завсарт” УБ. 2023. 8)
Сар минь,
Хөнтөргөн ягаан дусал минь…
Салхины чимээ, өвсний өвдөлттэй
Бийрээ би шүүрэн суулаа. (Баасансүрэн Л. “Лит хуанлийн завсарт” УБ. 2023. 63.)
…Хуучин тэрэгний хөх модон мөөр
Хайлмагтсан уруулаар хунгар ууж,
Хучмал шар өвсийг салхи гаслуулан… (Баасансүрэн Л. “Лит хуанлийн завсарт” УБ. 2023. 77.) гэж бичжээ.
Ингэж Д.Нямсүрэн найрагч өвсний ахуйгаар цаг хугацааны эргэлтийг нээн харуулдаг байсан бол яруу найрагч Л.Баасансүрэн өөрийн сэтгэл зүйн нарийн учигт байх ужиг ганцаардлаа мөн л өвсний ахуйгаар тайлсан байна. Өвс өвдөж, өвс гасалж, өвс тэвчиж байгаа нь юутай хүнлэг хийгээд амьд илэрхийлэл вэ. Харин “Гурван цүүр” түүвэрт орсон гуравт шүлгүүд яруу найрагчийн уран чадварын сорилт байсан байж болох ч сэтгэлгээг нь нэг л боомилоод байх шиг…
Ямар боловч дөрвөн цагийн эргэлтийг өвсний толгой ширтэн өнгөрүүлсэн хүмүүс л энэ мэт хачирхалтай дүрийг уран бүтээлдээ шингээж чадах буй заа.
Мөхөс уншигчийн сэтгэгдэл ийм буюу,
яруу найргийн ертөнцөд минь “яруухан” өдрүүд л үргэлжлээсэй…
нийтлэлч: М.ЧИНХҮСЭЛ /МУБИС/
2024.01.10