Ойрын өдрүүдэд төрийн албаны соёлын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал олны анхаарлын төвд өртөж, улмаар 2023 оны 5 сарын 17-ны өдөр УДБЭТ-ийн уран бүтээлчид тайван аргаар эсэргүүцлээ илэрхийлж Соёлын яамны өмнө жагсаснаар эсэргүүцлийн хөдөлгөөн эрчээ авав.
Энэ асуудал өндрөө авсан нь дуурийн дуучин П.Баярмагнай, Б.Жавхлантөгс нарын олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зураг, мэдээллээс эхлэлтэй биш юм. Монголын ажилтан, албан хаагчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран Соёлын яамны удирдлагууд болон салбар, орон нутгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, аймаг, сумын соёл урлагийн салбарын ажилчид, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг оролцуулсан цахим хэлэлцүүлгийг 2023 оны 2 сарын 3-ны өдөр зохион байгуулснаас эхлэлтэй. Тухайн хэлэлцүүлгээр:
- Соёл урлагийн салбарын цалин хөлс,
- Нэмэгдэл, урамшуулал, илүү цаг
- Нийгмийн асуудал
- Хамтын гэрээ хэлэлцээрийн биелэлт зэрэг асуудлыг хөндөж салбар яамд руу шаардлага хүргүүлсэн аж.
Гэтэл 2 сарын 3-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гурван сар гаруйн хугацаанд дорвитой хариу мэдэгдэл, бодлого шийдлийг Соёлын яамнаас илэрхийлээгүйгээс нөхцөл байдал энд хүрсэн гэж ойлгогдохоор…
САЛБАРЫН САЙД ӨЧИХ НЬ…
Харин үүсээд буй асуудалтай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин 2023 оны 3 сарын 4-ний өдөр gogo.mn-нд нийтлэгдсэн ярилцлагадаа, “30 орчим жил Соёлын яамгүй явж ирсэн учраас тэр бүх бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай байсан. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд соёлын ажилтны үнэлэмж, нийгмийн баталгааг дээшлүүлэх хууль эрхзүйн орчныг бүрэн шинэчилж чадсан. Ингэснээр манай салбарынхан өөрсдийн хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл нөхөх олговор, шагнал урамшуулал авах хууль эрх зүйн боломжтой болсон. Өмнө нь цалингаас өөр ямар нэг нэмэгдэл авах хуулийн зохицуулалт байгаагүй. Үүний зэрэгцээ зөвхөн цалингийн сангаас бус өөр эх үүсвэрүүдээс цалин урамшууллыг нэмэгдүүлэх бодлого баримталж, эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Тодруулбал, 2022 онд Сангийн сайдтай хамтарсан тушаал гаргаж, соёлын төвийн стандартыг баталсан. Юун түрүүнд, үндсэн цалингаас гадна соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийн хэрээр нэмэлт урамшуулал авдаг бодлогын томоохон шийдвэр гаргаж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр давсан орлогынхоо 60 хувийг ажилтнууддаа урамшуулал байдлаар олгох эрхийг нь театр, чуулга, соёлын төвийн удирдлагуудад өгсөн. Өөрөөр хэлбэл, манай харьяа байгууллагууд хичнээн сайн ажиллаж, хүн амын соёлын хүртээмжийг дээшлүүлж байна тэр чинээгээрээ цалин орлогоо хүссэнээрээ нэмэх хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн. Засгийн газраас Төрийн албаны шинэтгэлийг төсвийн шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд соёлын салбарт үр дүнд суурилсан нэмэлт санхүүжилтийн бодлого хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр харьяа байгууллагууд жилийн төсвийнхөө 15-20 хувьтай тэнцэх нэмэлт санхүүжилтийг Соёлын яамнаас авах юм. Үүнийг суурь зардал, уран бүтээлийн зардал, цалин хөлсний нэмэгдэлд зарцуулна. Эдгээр нь нэг талдаа орон нутаг дахь соёлын байгууллагууд тогтмол үйл ажиллагаатай болох хөшүүрэг. Нөгөө талдаа урсгал зардлаа улсаас авч байгаа мөртлөө давсан орлогоо ажилчдын урамшуулалд зарцуулна гэдэг маш том боломж. Гагцхүү харьяа байгууллагын удирдлагын ур чадвар, хамт олны хичээл зүтгэлээс шууд хамаарна. ” гэж мэдэгдсэн байгаа юм.
ДАВСАН ОРЛОГО, НЭМЭЛТ УРАМШУУЛЛЫН МӨНГӨ ХААЧИВ?
Хөрсөн дээрээ бууж бодитоор хэрэгжвэл урлагийн ажилчдын цалин орлогыг нэмэгдүүлэх эрүүл, ухаалаг аргачлал. Нэг ёсондоо хийсэн бүтээсэн уран бүтээл, тоглолтын гараагаараа татвар шимтгэлгүйгээр нэмэлт урамшууллаа хүртээд уран бүтээл, хөдөлмөрөө бага ч болов үнэлүүлэх боломж. Соёлын ажилчдын суурь цалинг бүхэлд нь уран бүтээлчдийн өөрсдийнх нь шаардаад байгаа шиг хамгийн бага шатлалын цалинг 1.500.000 төгрөгт Улсын баяр наадмаас өмнө хүргэнэ гэвэл Төсвийн тодотгол хийх, Засгийн газрын нөөц хөрөнгө зарцуулалт, зориуалтын журамд өөрчлөлт оруулах зэрэг удаашралтай нөхцөл байдал тулгарна. Энэ нь дан ганц УДБЭТ-ийн 180 гаруй уран бүтээлчдийн суурь цалинг нэмэх асуудал биш. Өнөөдрийн байдлаар соёлын салбарын харьяа 452 байгууллагад төрөөс цалинждаг 7000 орчим ажилтан байна шүү дээ. Барагцаалаад тооцвол 2023 оны хоёрдугаар хагас буюу энэ оны үлдэж буй зургаан сарын цалингаар тооцож нийт 7000 гаруй ажилчдын цалинг нийтэд нь 1.500.000 төгрөг болгон нэмэгдүүлэхэд 63 тэрбум төгрөг шаардагдах нь. Тэглээ ч 1.500.000 төгрөг гэдэг өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөр өсч, төгрөгийн ханш унасан энэ цаг үед амьдралаа аваад явах хангалттай цалин болж чадахгүй. Үүний оронд давсан орлогоо ажилчдын урамшуулалд зарцуулна гэдэг шударга хувилбар.Тоглолтын гараагаараа нэмэлтээр цалинжаад, орлогоосоо хувь аваад явснаар уран бүтээлчид ч байнгын өрсөлдөөнд байна.
Гэвч 2023 оны 5 сарын 17-ны өдөр УДБЭТ-д Соёлын яамны удирдлагуудтайгаа нүүр тулан уулзсан уран бүтээлчдийн уур амьсгалаас ажиглахад Соёлын сайдын ярилцлагадаа хариуцлагатай мэдэгдсэн давсан орлогынхоо 60 хувийг ажилтнууддаа урамшуулал олгох журам УДБЭТ л лав хэрэгжээгүй бололтой. Ийм журам яамнаас баталсан байхад энэ хугацаанд нэг ч удаа урамшуулал цалин аваагүй гэдгээ уран бүтээлчид нь нотолж байна. Аргаа ядахдаа манай удирдлагууд дээгүүрээ хуваагаад идчихдэг бололтой гэж хардаж байх вэ дээ? Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тухайд үзэгчийн 450 суудалтай. Арван сараас эхлээд долоо хоног бүр хоёр тоглолт тогтмол тоглогддог. Тасалбарын үнэ дунджаар 20000-50000 төгрөгийн ханштай. Ингээд бодохоор менежмэнт, маркетингийн бодлогоо сайжруулаад тасалбар борлуулалт, танхим дүүргэлтдээ анхаарчихвал давсан орлогын 60 хувь шууд уран бүтээлчдийн гар дээр ирнэ. Харин танхимаа дүүргэж чадахгүй бол нэмэлт орлогогүй хоцорно гэхээр энэ бүхэн шууд л театр, чуулгын дарга нарын ур чадвараас шалтгаалах болж байна.
Тэгвэл Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр хуваан эзэмшдэг улаан барилга үзэгчийн 600 суудалтай. Үндэсний урлагийн их театрын тухайд зундаа өдөрт хоёр удаа жуулчдад зориулж “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” тоглолтыг зохион байгуулдаг. Харамсалтай нь үзэгчдийн танхим дүүргэлт хангалттай түвшинд биш атлаа театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ шахуу оролцдог урвуу жишигтэй. Харин УДЭТ-ийн тухайд менежмэнт, маркетингийн бодлого сайтай. Танхим дүүргэлт ч харьцангуй сайн. Драмын театр төсвийн хөрөнгөөр тавьсан жүжигт гаргасан зардлаа ч хангалттай нөхчихдөг гэдэг. Гэтэл давсан орлогын 60 хувь драмын театрын уран бүтээлчдэд урамшуулал хэлбэрээр шударгаар олгогдож байна уу гэдэг эргэлзээтэй. Нэрээ нууцалсан хэд, хэдэн уран бүтээлчдээс тодруулахад амьдралдаа төсвийн хөрөнгөөр тавьсан жүжгээс сайдын яриад байгаа давсан орлогын урамшуулал гээч зүйл авч үзээгүйгээ хэлж байна. Харин найруулагчид нь тавьсан жүжгийнхээ орлого, олж ирсэн төсөл санхүүжилтээсээ хувь хүртдэг нь үнэн гэх. Үлдсэн орлогын мөнгийг юунд зарцуулсныг театрын дарга нараас л асуух болох нь…
Тэгвэл “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар өөрөө төсөл, санхүүжилтээ олж ирж драмын театрын уран бүтээлчдийг гэрээт хэлбэрээр цалинжуулж оролцуулсан “Тамгагүй төр” физикл драм нэг тэрбум төгрөгийн зардлаар бүтэж, УДЭТ-ын тайзнаа 70 удаа тоглож, 40 мянган хүн үзэж, 4.2 тэрбум төгрөгийн орлого олжээ. Оролцон тоглосон уран бүтээлчид, тайз, гэрэлтүүлгийн арын албаныхан бүгд орлогоороо цалинжсан учраас бүгд сэтгэл хангалуун хоцорч. Төсвийн хөрөнгө оруулалтгүй боссон эл жүжиг урлагийн салбарын цаашдын хувь заяаг шинээр тодорхойлох, менежмэнт, бүтцийн эрс шинэчлэл хийх цаг болсныг нотолсон гэхэд болно. Гадны жишээ дурьдахад театрын урлагийн өндөр соёлт Их Британид төр зөвхөн театрын барилгыг санхүүжүүлдэг. Жүжиг, дуурь тавих баг төсөл боловсруулаад санхүүжилтаа өөрсдөө босгодог. Монголд Соёлын төв өргөө одоо яг тийм зарчмаар ажиллаад буруудаагүй л байна.
Тэгэхээр бид улсын төсвөөс санхүүждэг олон театрын барилгын аж ахуй, урсгал зардал, захиргааны зардал, түүн дээр нэмээд данхайсан бүтэц, орон тоотой театрын тогтолцоогоо эрс өөрчлөхгүй бол үндсэн цалинг төрөөс шатлалтай яаж ч нэмээд дорвитой өөрчлөлт гарахгүй.
ҮЗЭГЧГҮЙ, ЭЗЭНГҮЙ 330 СОЁЛЫН ТӨВ
Авууштай нь Монгол Улсын соёлын дэд бүтэц сайн. Өөрөөр хэлбэл, аймаг сум бүр соёлын төвтэй. Эдгээр соёлын төвүүдээр дамжуулж хүн ардад соёлын бодлогыг хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлыг түгээж байна. Одоогийн нөхцөл байдлыг харвал, соёлын төвүүд харилцан адилгүй орон тоотой, голцуу үйлчилгээний албан хаагч ихтэй ажиллаж байгаа. Үүний урвуу хамаарал нь төрөөс цалинждаг соёл урлагийн ажилчдын цалин эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол, шинжлэх ухааны салбарын цалингийн хэмжээтэй харьцуулахад 12 хувиар бага байгаагийн шалтгаан юм. Төрөөс цалинждаг 7000 урлагийн ажилтан гэх данхайсан бүтцийн 70 хувийг орон нутгийн соёлын төвийн ажилчид бүрдүүлж байна. Үнэн хэрэгтээ сумдын соёлын төв ямаа самнах цагаар ирэх доншууч нийтийн дуучдын аялан тоглолтоос бусад үед дүүрээд байх нь ховор. Тэр орлого нь ч соёлын төвд бус нийтийн дуучдын халаас руу л явна. Сумдын соёлын төв өөрсдийн хүчин чадлаар тогтмол тоглолт хийгээд нутаг орны үзэгчдээ дүүргээд нэмэлт орлогоо өөрсдөө хүртэх чадамж ч, боломж ч байхгүй нь үнэн. Тиймээс сумдын соёлын төвийн байр сав, урсгал зардлыг л төрөөс санжүүжүүлж, чадамжгүй уран бүтээлчдийг нь тарааж, оронд нь аймгийн хөгжим драмын театруудаа чадавхжуулах нь илүү үр дүнтэй санагдана.
Хууль хүчний байгууллагууд дэргэдээ чуулгатай байхын дон
Улсын төсвөөс цалинждаг 7000 урлагийн ажилтны тодорхой жин дарах хувийг хууль хүчний байгууллагуудын дэргэдэх дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид бүрдүүлж байна. Батлан хамгаалах яамнаас санхүүждэг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга. Хууль зүй дотоод хэргийн яамнаас санхүүждэг ЦЕГ-ын дэргэдэх Сүлд чуулга, ШШГЕГ-ын дэргэдэх “Соёмбо” чуулга, ХХЕГ-ын дэргэдэх Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга. Монголын төмөр замаас санхүүждэг Ганзам чуулга гэхчилэн энэ олон чуулгын нэрийг нь сонсоход л дотор нь төөрөм. Сонгодог урлаг, драмын урлаг, үндэсний урлагийн театр нь улс үндэстэнд зайлшгүй шаардлагатай, үндэстний соёлын бодлого, урлагийн дархлаа юм гээд нүдээ аниад өнгөрөе гэхэд яг ижилхэн үйл ажиллагаа явуулдаг цэрэг, эх орны сэдэвт уран бүтээлийн бодлоготой энэ олон чуулгын хэрэг байна уу?
Жишээ нь Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга нь Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгаас юугаараа ялгаатай юм бэ? Цэрэг, эх орны үзлийг тэгэж их дэлгэрүүлж монгол хүнд эх оронч сэтгэлгээ суулгахад чуулга зайлшгүй хэрэгтэй юм бол нэгтгээд, чанаржуулаад нэг л маш сайн эрдмийн чуулгатай болоход юу нь болохгүй гэж? Тээр жил Х.Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа цагдаа, хүчний байгууллагын дэргэдэх спорт клубт хийсэн юмгүй ч орон тоон дээр нь цалинждаг байсан бөх нэртэй олон хоолны савыг цомхотгож болсон шүү дээ.
Хүний нөөц залгамж халаа
Гуравхан сая хүнтэй улсад тийм их соёл урлагийн байгууллага оршин тогтноод байгаагийн шалтгаан нь урлагийн ажилтны ирээдүй хойчийг бэлтгэх СУИС, Монгол Улсын Консерватори зэрэг шавхагдашгүй уурхайнуудтай шууд хамаатай асуудал л даа. Монгол Улсын Консерватори бусад урлагийн сургуулиудтай харьцууахад харьцангуй өндөр босготой. Жилд нэг мэргэжлээр 15-20 сурагч шинээр элсүүлэн авдаг. Оюутнуудтайгаа нийлээд 1000 хүрэхгүй сонгодог урлагийн залуу халаа Монгол Улсын Консерваторид боловсрол эзэмшиж байна. Эднийхтэй харьцуулахад СУИС бол шулуухан хэлэхэд бизнесийн байгууллага аж. Зөвхөн кино драмын ангиар жишээ авахад жилд шинээр дунджаар 90 хүүхэд элсүүлж, 60 оюутан төгсөж байна. Жил бүрийн хавар дээд боловсролтой 60 жүжигчин, найруулагч СУИС-ийг төгсөж байна. Үүн дээр хувийн хэвшлийн КУДС, СИТИ зэрэг сургуулийн төгсөгчид нэмэгдэнэ. Нийтийн болон дуурийн дуучдын төгсөлтийн хувийг нэмбэл бүр талийж өгнө.
Эцэст нь…
Соёлын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал бол Улсын баяр наадмаас өмнө үндсэн цалинг нь тэгш 1.5 сая төгрөг болгож нэмэгдүүлснээр шийдчих асуудал биш юм. Бүтцээ өөрчлөх, илүү цомхон, ухаалаг бүтэц рүү шилжих. Боловсон хүчний бодлого, боловсролын тогтолцоондоо хатуу босго тогтоох гэхчилэн цогц бодлогын асуудлыг шинэ тутам байгуулагдсан Соёлын яам боловсруулах зайлшгүй хэрэгтэй байна.
Нийтлэлч Ө.Үлэмжтөгс